Tuesday, October 30, 2012

Хуучин хүү

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилсэн агаад үүгээр түүгээр нэг хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор  сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөсөөр нэг нас харанхуй мананы дотор барна.
Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэх бөгөөд цагаан даавуу алчуураар толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийн сэрвийсэн хэдэн үс шанаа уруу унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрийнхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд, гэрт оров. “Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна. Дамба морио эрэх гэж явсан. Гомбо хангай ороод ирсэн.” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар, зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татаж өгч, айраг уун, нэг үдийг өнгөрүүлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж өгч гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зүүн хошууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн гурав, дөрвөн өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул, юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч, үгээгүү ядуу, өнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.
Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ. Өтгөс хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ? Хүмүүжил нь энэ гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахин мэднэ. Хуучны феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн ертөнц гэж чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий. Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар  байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хүү шинэ хүү болов.
Юутай завшаан, юутай баяр.

Tuesday, October 16, 2012

Ламбагуайн нулимс

Орчлонт ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тулнуулсаар, гандангийн наад хүр рүү бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан хүүхэн Иүй Бай-хуа гэдэг Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамцуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов.
Иүй Бай хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг томхон хувраг сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиuлан таниад, цахилгаан мэт хурдан нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: “Ламбагуай өршөө, өршөө, манай хөгшин эх өвдөөд, үхэхийг хүлээж байна. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?” гэсэнд лам:” Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг зал гэсэн боловч, Иүй Бай-хуа сандарсан байдлыг гаргаж дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвчлэн гуйхад аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц ихээхэн өх биз гэж санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов.
Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон ам хамрыг орхимжоороо бөглөн, хүүхний хойноос намс намс алхална.
Удахгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж, зулсан үс, ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдана.
Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан нэг нүх шиг байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад. “цай авч ирье” гээд гарч явахын завсар лам ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор байна. Хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн даавуугаар хучжээ. Хойт этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба зураг хөргийг тавьжээ.
Байшингийн дээвэр нь маш балтгар. Гэвш Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэг бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимжээ.
Байшингийн дотор өдөр байтлаа, бүрий барай байдлыг төрүүлнэ.
Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан нь бодвол орж гарах хүмүүсийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа ачит лам минь авралдаа тольдож миний эхийг эдгээн соёрх гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар өнгөгүй үзэгдэж байсан нь харин энэ байшингийн дотор орж ирээд, хоёр хацар нь улаанаар гэрэлтэж, өглөөгүүр залбирдаг цагаан дарь эхийн хөргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан цур пураар хүүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар: “ За бүсгүй ээ, ижий чинь хаана вэ?” гэж асуувал, хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурмагаар өвчлүүлэн хэвтүүлсэн тул “энд байгаа” гэж ламыг дагуулан нөгөө тасалгаанд оруулав. Нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь бяцхан их л шороо тоосонд дарагдсан үзэгдэнэ. Өмнө нь хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ. Түүнээс лам ном уншиж, залбирал даатгал хийснийг үгүүлэх юун. Ном уншиж сая барвал, нэгэнт шөнө орой болжээ. Эх нилээд сэргэсэн байдалтай ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гаргана. Хажуугаар нь үг хэлэх ба инээн аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жирвэгнүүлэн эргэлдүүлэх бүрд Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон, ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдээд “Ламбагуай орой болсон тул, манайд гэрт хоол зооглоод морилно уу?” гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядарсан ба хоёрдугаарт ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтоосон заншил тул, даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров.
Хүүхэн тогоочоо дуудан, хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна энэ үед хүүхний өдөх нь улам улам илүү болж шадарлах нь нэн нэн ойр тулав.
Ийн тийн ярилцсаар, ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж, нэг үдшийн зуур Дуйнхарын аймаг дахь дөрвөн ханатай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ.
Түүнээс хүүхэн: “өнөө нэгэнт орой болжээ. Бид энд таныг хүргэн өх уналгагүйгээс гадна, бас бороо орж байх тул, энэ шөнө энд морилон хоноод, маргааш харивал биш үү” гэсэнд лам хойш нэгэнт зовсон боловч үнэхээр орой болж, бороо орж байгаа ба мөн ч энд баахан зугаатай болох тул, энэ шөнө дороо хонохыг нэгэнт шийдвэрлэв.
Хүүхэн ч баясч, дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр унтсан хойно, мэдээжийн хэрэг хүүхэн хааяа хааяа зөөлөн ханиаж, ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсэвч, угаас эхнэр хүүхэнтэй төдий л ихэд холилдсонгүй тул, баахан халширна.
Лам тэсч ядахдаа шээнэ гэж шалтгаалан босч эргэж ирэхдээ хүүхний өвөрт орьё гэж сэтгэж, гадаа гарч явав. Удалгүй эргэж ирээд гадна чагнавал чив чимээгүй, хаалгыг татвал: “ламбагуай бяцхан байзнаарай” гэж хүүхэн дуу алдахад лам юу болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөн л бяцхан нүхээр ажиглавал, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцасаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үнэхээр үзэсгэлэнтэй үзэгдэж, сэтгэлийг хөдөлгөхөд, ламын хоосон чанарын бодлого хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж винайн ёс нэгэнт баруун зууд одоод тачаангуйн гал дүрэлзэн бадрахад орж хүүхний хамт нойрсов.
Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харьсан боловч, үдэш санагдан эргэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж, баруун дамчуурчны ба гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв.
Түүнээс Иүй Бай-хуа Лодонд үнэхээр дурласан бус тул энэ завсар баян гэвшийн буянгаар дэмий л тарвалзсан боловч, бас ханахгүй гэвш Лодон ертөнцийн цаламд нэгэнт урхиглаж, хүүхэнд автагдаад юу гэвч гажуугүй болсон, яван явсаар лам гандан дахь хашаа байшин ба гавж болохын тул бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж, Иүй Бай-хуад гуа сайхан элбэг, дэлбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран суух болов. Нэг өдөр гэвш Лодон гэртээ ирээд байшингийн хаалга татвал, дотроос нь түгжжээ. Цонхны булангийн завсраар нууж үзвэл, Иүй Бай-хуа нэг залуу хархүүтэй тэврэлдэн сууна. Иүй Бай-хуагийн хуучны зузаан янаг байна гэсэн нь энэ мөн байгаа гэж лам нэгэнт таниад уур нь бадарч занчилдьяа гэг байшингийн хаалгыг хэмх цохин орж, хэрүүл шуугиан гаргав. Гэтэл хүүхэн өчүүхэн ч эмээх зовох байдалгүй харин ламд дургүй учрыг хэлж хараан загнаж, хөөн гаргасанд лам заалдья гэвч хуврагийн ёсоо эвдсэн тул аргагүй гунихран, байшингийн босгыг тэвэрч.
“Хүү минь би чамд хайртай.
Одоо би хаана очих вэ?
Өөр хүнтэй ханилах хамаагүй,
Гагцхүү намайг бүү орхи” гэж хоёр нүднээсээ ертөнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулна.

Д.Нацагдорж